VII сарын турш, VIII сарын эхний хагаст цэлмэг өдрүүдэд Д аминдэм арьсан дор нийлэгжих боломжтой

Монголчуудын дунд Д аминдэмийн дутал яагаад ийм түгээмэл байгаа талаар Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Хоол судлалын албаны Эрдэм шинжилгээний ажилтан Н.Болормаатай ярилцсан юм.

– НЭМХ-ээс хийсэн Хоол тэжээлийн үндэсний  V судалгааны дүнгээр хүн амын дунд Д аминдэмийн дутал маш их байгаа дүн гарсан гэж байв. Д аминдэмийн талаар товч мэдээлэл өгнө үү? 

– Д аминдэм бол тосонд уусдаг дөрвөн төрлийн аминдэмийн нэг юм.

Д аминдэм байгаль дээр цөөн нэр төрлийн хүнсэнд агуулагддаг. Тухайлбал, яргай загас, туна загас, загасны элэгний тос, үхрийн элэг, өндөгний шар уураг гэх мэт. Эдгээр хүнснээс яргай загаснаас бусад нь Д аминдэмийг бага хэмжээгээр агуулдаг тул хоногийн хэрэгцээг бүрэн хангах боломжгүй юм. Д аминдэмийн өөр нэг онцлог шинж бол хүний биед нийлэгждэгт оршино. Өөрөөр хэлбэл, Д аминдэмийг хоол хүнснээс авахаас гадна нарны хэт ягаан туяа (Ultraviolet B)-ны нөлөөгөөр хүний арьсан дор Д аминдэм нийлэгждэг.

– Д аминдэмийн түвшинг хангалттай хэмжээнд байлгаж чадвал ямар өвчнүүднээс урьдчилан сэргийлэх боломжтой вэ?

– Д аминдэм нь хүний биед маш олон үүрэг гүйцэтгэдэг.

Гэхдээ түүний үндсэн үүрэг нь кальцийн шимэгдэлтийг эрчимжүүлж, ясны эрдэсжилтийг зохицуулах үүрэг юм. Хүний бие махбодын эрчимтэй өсөлтийн үе буюу жирэмслэлт, нялх балчир болон өсвөр насны үед кальцийг биед шингээх, ясны хэвийн өсөлт, дархлаа, зүрх судасны тогтолцооны үйл ажиллагааг хангах шаардлагын улмаас Д аминдэмийн хэрэгцээ хамгийн их байдаг.

Хүний бие дэх Д аминдэмийн түвшин хангалтгүй байх нь ясны эрдэсжилтэд сөргөөр нөлөөлж, хүүхдийн өсөлт хоцрох, насанд хүрэгчдийн яс зөөлөрч сийрэгжин хугарах эрсдэл нэмэгддэг. 

Рахит нь хүүхдийн яс зөөлрөх, ясны хэлбэр өөрчлөгдөх шинж (майга эсвэл саруй хөл гэх мэт)-ээр илэрдэг хүнд хэлбэрийн Д аминдэм дутал юм. Түүнчлэн Д аминдэм дуталтай холбоотойгоор дархлаа сулрах, цусны даралт ихсэлт, чихрийн шижин, зарим эрхтний хавдар зэрэг архаг өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгддэг болохыг олон орны эрдэмтэн судлаачид нотолсон.

Мөн Д аминдэм нь зүрхний цус хомсрох өвчнөөс сэргийлэхэд шийдвэрлэх үүрэгтэйболохыг судалгаагаар нотолсон байдаг. Хүний бие дэх Д аминдэмийн түвшин хангалттай байх нь зүрхний шигдээсээр өвчлөх, нас барах эрсдэлийг бууруулдгийг тогтоосон.

– Монголчуудын дунд Д аминдэмийн дутал яагаад ийм түгээмэл байна вэ. Үүнд бидний хоол хүнсний хэрэглээ нөлөөлдөг үү эсвэл өөр шалтгаан байна уу?  

– Хүн Д аминдэмийг гурван төрлийн эх үүсвэрээс авч болно. Үүнд,

  • Нэгдүгээрт, хоол хүнс
  • Хоёрдугаарт, нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр арьсан дор нийлэгжүүлэх,
  • Гуравдугаарт, дангаар эсвэл бусад аминдэм, эрдэстэй холимог бэлдмэл байдлаар хэрэглэх.

Бидний өргөн хэрэглэдэг хоол хүнс нь Д аминдэмийн агууламж багатай байдаг тул Монголчуудын хувьд хоол хүнсээр Д аминдэмийн хэрэгцээгээ хангах боломжгүй гэж ойлгож болно.

Д аминдэм нь нарны гэрлийн хэт ягаан туяаны нөлөөгөөр хүний биед нийлэгждэг цорын ганц аминдэм гэж би дээр хэлсэн. Гэхдээ манай улс дэлхийн бөмбөрцгийн хойд өргөргийн 49-52 хэмд байрладаг тул нарны гэрэл ташуу тусдаг. Энэ нь нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр арьсан дор Д аминдэмийн урьдал бодис идэвхтэй хэлбэрт шилжих боломжийг нэлээд бууруулдаг. Түүнчлэн манай улс жилийн дөрвөн улиралтай, хүйтэн сэрүүний улиралд буюу жилийн ихэнх хугацаанд наранд биеэ ил гаргах боломж хязгаарлагдмал байдаг тул Д аминдэмийн хоёр дахь эх үүсвэр бидний хувьд боломж багатай хувилбар юм.

Д аминдэм судлалаар мэргэшсэн, манай ахмад судлаач, Анагаахын шинжлэх ухааны доктор У.Цэрэндолгорын судалгаагаар, 

Тавдугаар сард Д аминдэмийн урьтал бодисыг идэвхтэй хэлбэрт хувиргах нарны туяаны эрчим хангалтгүй, зургаадугаар сард алдаг, оног өдрүүд байдаг. Харин долоодугаар сар бүтнээрээ, наймдугаар сарын эхний 15 хоногт цэлмэг өдрүүдэд Д аминдэм арьсан дор нийлэгжих боломжтой​г тогтоосон байдаг.

Д аминдэмийн урьтал бодисыг арьсан дор идэвхтэй хэлбэрт хувиргахын тулд хүн хамгийн багадаа биеийн гадаргуугийн 40 хувийг нарны гэрэлд байлгаж, арьс бага зэрэг улайх хэмжээгээр наранд шарах шаардлагатай.

Хүйтэн уур амьсгалтай өргөргийн бүс, агаарын бохирдол ихтэй орчинд амьдрах, нарнаас хамгаалах хэрэгсэл (нарны тос, саравч, сүүдрэвч)-ийг өргөн ашиглах, бараан өнгийн арьстай байх, өдрийн ихэнх цагийг дотоод орчин өнгөрүүлэх зэрэг хүчин зүйл нь нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр Д аминдэмийг нийлэгжүүлэх хүний бие махбодын чадварт сөргөөр нөлөөлдөг байна.

– Д аминдэмийн дуталд өртөх магадлалтай бүлэгт ямар хүмүүс багтах вэ?

– Д аминдэмийн дуталд өртөх өндөр эрсдэлтэй хүн амын бүлэгт тухайн аминдэмийн хэрэгцээ ихтэй жирэмсэн эмэгтэй, хөхүүл хүүхэдтэй эхчүүд, нялх бага насны хүүхэд, эрчимтэй өсөлтийн үедээ байгаа өсвөр насны хүүхдүүд багтдаг. Түүнчлэн Д аминдэмийг шингээх чадвар сул, наранд ил гарах хугацаа багасах зэрэг шалтгааны улмаас настай хүмүүсийн Д аминдэмийн дуталд өртөх эрсдэл нэмэгдэнэ.

Мөн илүүдэл жинтэй эсвэл тарган байх нь Д аминдэмийн дуталд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг эрдэмтэд тэмдэглэсэн байдаг. Хүний биед агуулагдах илүүдэл өөх нь Д аминдэмийн шимэгдэлт, ашиглалтад сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Гэтэл 15-64 насны Монголчуудын талаас илүү буюу 54.4 хувь илүүдэл жинтэй эсвэл таргалалттай байгааг халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаагаар тогтоосон байдаг. Энэхүү нөхцөл байдал нь монголчуудыг Д аминдэм дуталд өртөх эрсдэлт хүчин зүйлсийн нэг болох магадлалтай юм.

Монголчуудын дунд Д аминдэм дутал түгээмэл байгаа шалтгааныг бүхэлд нь дүгнэж хэлэхэд, 

Монгол хүн жилийн ихэнх хугацаанд наранд биеэ ил гаргах боломжгүй байдгийн зэрэгцээ нарны ташуу тусгалын улмаас биед шингэх хэт ягаан туяаны эрчим нь арьсан дор Д аминдэм нийлэгжих хангалттай түвшинд хүрч чаддаггүй байна. Жилийн ихэнх хугацаанд буюу 10 сарын турш нарны туяаны нөлөөгөөр Д аминдэмийг нийлэгжүүлэх боломжгүй.

Түүнчлэн монголчууд Д аминдэмээр баялаг хүнсийг бараг хэрэглэдэггүй,  зах зээлд Д аминдэмээр баяжуулсан хүнс бараг байхгүй байна.

Хоол тэжээлийн V судалгаагаар 5 хүртэлх насны хүүхдийн дунд Д аминдэмийн хэрэглээг үнэлэхэд, нийт хүүхдийн 58 хувь өнгөрсөн 1 жилийн хугацаанд ямар нэг төрлийн Д аминдэмийн бэлдмэл хэрэглэсэн боловч, тэдний дөнгөж 36 хувь зохих зааврын дагуу хэрэглэсэн байв. Ийнхүү Д аминдэмийн бэлдмэлийг зохих зааврын дагуу хэрэглэж чадахгүй байгаа нь Д аминдэм дутлаас сэргийлэх боломжгүйг илтгэх үзүүлэлт юм. 

– Одоогийн байдлаар манай улсын хүн амын хэдэн хувь Д аминдэм дуталтай байна вэ? 

– “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал-2017” үндэсний V судалгаагаар Д аминдэмийн дуталд өртөх өндөр эрсдэлтэй хүн амын бүлэг болох тав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд уг аминдэмийн дутлыг илрүүлэх шинжилгээнд хамруулсан. Мөн хүн амын бусад бүлгийн төлөөлөл болгон 15-49 насны эрэгтэйчүүдийн цусанд Д аминдэм тодорхойлох шинжилгээ хийсэн.

Тав хүртэлх насны хүүхдийн 75 хувьд рахитын эмнэлзүйн сонгомол шинжийн аль нэг шинж илэрсэн.

Судалгааны дүн Д аминдэм дутал нийт хүн амын дунд түгээмэл тархалттай байгааг илтгэж байна. Тодруулбал, 6-59 сартай хүүхдийн 61 хувь Д аминдэм дуталтай,  28.9 хувь нөөц багатай буюу нийт хүүхдийн 90 орчим хувь Д аминдэмийн хангамж хангалтгүй байв.

Түүнчлэн тав хүртэлх насны хүүхдийн 75 хувьд рахитын эмнэлзүйн сонгомол шинжийн аль нэг шинж илэрсэн нь ужиг, хүнд хэлбэрийн Д аминдэм дутал түгээмэл байгааг харуулж байна.

Жирэмсэн эмэгтэйчүүдийн 75 хувь Д аминдэм дуталтай, 20 хувь нөөц багатай буюу нийт эмэгтэйчүүдийн 95 хувь Д аминдэмийн хангамж хангалтгүй байв. Мөн 15-49 насны эрэгтэйчүүдийн дунд Д аминдэмийн дутал түгээмэл, 82 хувь хангалтгүй хангамжтай,40.4 хувь дуталтай байна. Д аминдэм дутлын тархалтыг газарзүйн байрлал, өрхийн аж байдлын түвшингөөр харьцуулан үнэлэхэд, МУ-ын нийгэм, эдийн засгийн аль ч бүлэгт хамрагдаж буй хүн амын дунд Д аминдэм дутал түгээмэл байна.

Д аминдэм дутал болон Д аминдэмийн бэлдмэлийн хангамжийн байдал нь манай улсын нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болсон байна.

Манай улс тав хүртэлх насны хүүхдийг Д аминдэмийн бэлдмэлээр хангах хөтөлбөрийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар 1995 оноос эхлэн хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2005, 2013 онд уг тушаалд нэмэлт өөрчлөлт оруулж  гурав хүртэлх насны бүх хүүхдийг Д аминдэмийн бэлдмэлээр жилийн туршид хангах шийдвэр гаргасан. Сүүлийн жилүүдэд санхүүжилтийн дутмаг байдлаас шалтгаалан уг тушаалын хэрэгжилт хангалтгүй байна.

–  Д аминдэм дутлаас яаж сэргийлэх вэ? 

– Байгалийн гаралтай Д аминдэмээр баялаг хүнсний хүртээмж, хэрэглээ хангалтгүй байгаа өнөөгийн нөхцөлд нийт хүн амын Д аминдэмийн хангамжийг сайжруулах үндсэн арга зам бол хүнсийг баяжуулах арга хэмжээ болохыг олон улсын туршлага харуулж байна.

Нийт хүн амын Д аминдэмийн хангамжийг нэмэгдүүлэхэд өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг Д аминдэмээр баяжуулах арга шийдвэрлэх үүрэгтэй байдаг. Түүнчлэн Д аминдэмийн хэрэгцээ өндөр, дуталд өртөмтгий бүлгийн хүн ам болох хүүхэд, эмэгтэйчүүдийг Д аминдэмийн бэлдмэлээр хангах арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг судалгааны зөвлөмжид тусгасан.

Өнөөдөр дэлхийн олон улсад нийт хүн амын Д аминдэмийн зохистой хэрэглээг хангах зорилгоор хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулах арга хэмжээг хэрэгжүүлж байна. Америкийн нэгдсэн улс болон Канадад сүү, өглөөний хоол (breakfast cereals)-ыг Д аминдэмээр баяжуулах аргыг урт хугацаанд хэрэгжүүлж байгаа бөгөөд эдгээр улсын хүн амын Д аминдэмийн хэрэглээний дийлэнх хэсгийг дээрх бүтээгдэхүүн эзэлж байна.

Манай улсын хувьд сүү боловсруулах үйлдвэрлэлийн түвшин харьцангуй бага, өглөөний хоолны хэрэглээ хангалтгүй байгаа тул сүү болон өглөөний хоолыг Д аминдэмээр баяжуулан хэрэглэх боломж хязгаарлагдмал байна. Харин Монголчуудын өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний нэг болох буудайн гурил болон ургамлын тосыг Д аминдэмээр баяжуулах боломжтой юм.

– Мэдээлэл өгсөн танд баярлалаа.

Д АМИНДЭМИЙН ДУТАЛТАЙ ЭСЭХЭЭ ЯАЖ МЭДЭХ ВЭ?

Хоол тэжээлийн үндэсний гуравдугаар судалгаагаар эх, хүүхдийн цусан дахь Д аминдэмийн түвшинг үнэлэх шинжилгээг анх удаа хийж эхэлсэн байна. Улсын томоохон эмнэлгүүд болон хувийн эмнэлгүүд уг шинжилгээг хийж байгаа.

Мөн дүүргийн эмнэлгүүд хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдээсээ өвчлөлийн нөхцөл байдлаас нь шалтгаалан уг шинжилгээг авдаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*