800 гаруй хүний амь насыг авч одсон Индонезийн цүнами

Индонезид 7,5  магнитудын хүчтэй газар хөдлөлтөөс үүдсэн цүнамийн улмаас 800 гаруй хүн амь насаа алдлаа.  3 метр хүртэлх өндөр давлагаа Сулавеси мужийн Палу хотыг сүйтгэжээ. Улаан загалмайн нийгэмлэгээс гамшгийн бүсэд 1,6 сая гаруй хүн оршин байгаа аж.

Бичлэгт давлагаа хэрхэн Палу хот руу орж, газар хөдлөлтийн голомтоос 80 гаруй км-ийн зайд орших хэд хэдэн барилга, сүмийг нурааж буй нь үлджээ. Хүмүүсийн айж, орилж байгаа нь мөн харагдах аж.

Газар хөдлөлт, түүнээс үүдсэн цүнамийн улмаас эмнэлэг, зочид буудал, худалдааны төвүүд гээд мянга мянган барилга нурсан байна. Аврагчид амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайж, аврахаар ажиллаж байгаа аж. Хотод цахилгаан байхгүй, аврагчдад тусгай багаж, тоног төхөөрөмж дутагдалтай байгаа гэнэ.

Индонезийн онцгой байдлын газраас мэдээлснээр одоогоор 832 хүн амиа алдсан гэх боловч энэ нь эцэслэн гаргасан тоо биш аж.

Эрэг дээр хүмүүс шууд зугтахын оронд ажлаа хийсээр байсан нь гамшигт өртөх нэг шалтгаан нь болсон гэжээ. Зарим нь 6 метрийн өндөртэй модонд авирч гарснаар амь аврагдсан байна.

Хотод цэвэр усны нөөц дутмаг, шатахуун түгээгүүрийн газруудад шатахуун дууссан, дэлгүүрүүдэд хүнс байхгүй, савлагаатай цэвэр ус олдохгүй болсон байна.

Палу хотноо баасан гарагийн орой далайн эргийн наран шарлагын газрын фестиваль зохион байгуулахаар бэлтгэж байсан тул олон зуун хүн өртөх нэг шалтгаан нь болжээ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*