Аляскад 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Орон нутгийн цагаар 08:30-д Аласка мужийн Анкораж-д 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн улмаас гүүр нурж, авто замууд хагарсан байна. Анкоражаас гадагш 21 миль газар хүчтэй газар хөдлөлтөнд өртсөн бөгөөд цунамигийн аюулыг иргэдэд анхааруулж байгаа аж. Тус мужид сурч, ажилладаг монгол иргэд нэг дор цугларсан бөгөөд амиа алдаж, гэмтэж бэртсэн монгол иргэн байхгүй гэдгийг тэнд амьдарч буй иргэд сошиал хуудсаараа дамжуулан мэдэгджээ. 

Газар хөдлөлтөөс болж 7000-10000 иргэн гэрэл цахилгаангүй болсон гэдгийг мужийн албаны хүмүүс мэдэгдэв. Мөн орон гэр нь нурсан цөөнгүй иргэн байгааг мужийн Денайнагийн соёлын төвд байршуулсан байна.

Газар хөдлөлтийн төв нь муж улсын хамгийн том хот болох Анкориж хотын хойд хэсэгт 11 орчим километрийн гүнд байсан тухай АНУ-ын Геологийн судалгааны газраас мэдээлсэн байна.

Аляска муж улсын Газар хөдлөлтийн төвийн мэдээлснээр, хүчтэй газар хөдлөлт болсны дараа 40 удаа чичирхийлэл мэдрэгдсэнээс хамгийн хүчтэй нь 5.7 магнитудтай тэнцэж байсан аж.

Анкориж хот нь 300 мянга орчим оршин суугчтай бол хотын эргэн тойрон дахь бүс нутагт 100 орчим мянган хүн амьдардаг юм. Түүнчлэн муж улсын захирагч Бил Уокер онцгой байдал зарлахад хүрчээ.

Одоогийн байдлаар, хэн нэгэн хүний амь нас эрсэдсэн талаархи мэдээлэл байхгүй байна.

Анкориж хотод 1964 онд хамгийн хүчтэй хэмээн тооцогддог 9.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байсан нь дэлхийн түүхэнд болж байсан хүчтэй газар хөдлөлтүүдийн жагсаалтын хоёрдугаарт бичигддэг ажээ.

Аляска муж улс нь газар хөдлөлт түгээмэл болдог “Номхон далайн галт цагираг”-т оршдог боловч дийлэнх газар хөдлөлт газрын гадаргын нэлээн гүнд юм уу далайгаас хол болдог тул их хэмжээний гарз хохирол учруулдаггүй байна. 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*