ХАВРЫН ЯДАРГАА ДӨРВӨН ДОЛОО ХОНОГ ҮРГЭЛЖИЛДЭГ

Хавар хүмүүс яагаад ядардаг вэ. Та бусдын адил өдрийн турш нойрмоглоод, ажил хийх сонирхолгүй болж байна уу. Тэгвэл бид энэ удаагийнхаа дугаараар “Хаврын ядаргаа” хаанаас эхтэйг, харин бас түүнээс яаж гарах тухай зөвлөж байна. Хаврын ядаргаа өвчин биш Хавар нарны тусгал хурц болж цаг агаар дулаарахад хүний бие дасах гэж багагүй зүдэрдэг. Энэ үзэгдлийг манайхан “Хаврын ядаргаа” гэж нэрлэдэг. Энэ үе гуравдугаар сарын дундаас дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл үргэлжлэхдээ хүн бүрийн амьдралын хэв маягаас шалтгаалан өөрөөр илэрдэг ажээ. Тухайлбал, ханатлаа унтсан ч нойр хүрсээр л байдаг. Хамаг бие нозоорч, ажил хийхээс дургүй хүрдэг. Харин зарим хүний бие хямарч, ямар ч юманд дур сонирхолгүй, идэвхигүй болдог байна. Хүний бие урин дулаан цагт дасан зохицож эхэлтлээ ойролцоогоор дөрвөн долоо хоног болдог гэнэ.

Өөрөөр хэлбэл хаврын ядаргаа таны биед дөрвөн долоо хоног нуугддаг гэсэн үг. Тиймээс энэ үе шатыг давах гэж яваа хэрэг. Хүмүүсийн 50-70 хувь нь хаврын ядаргааг илүү их мэдэрдэг гэсэн судалгаа бий. Цаг агаар дулаарахад хүний цусны судасны даралтын хана тэлж даралт буурдаг байна. Дээр нь хаврын тэнгэрийн тогтворгүй “ааш” хүний даралтыг дээш доош савлуулдаг нь биед нөлөөлнө. Үүнээс үзэхэд хаврын “ядаргаа” өвчин биш. Өвлийн улирлаас дулааны улиралд шилжихэд хүний биеийн бодисын солилцоо өөрчлөгдөж байгаагийн илрэл юм.

Тэгвэл “Хаврын синдром” гэж юу вэ?

Бид өөрсдөө мэддэггүй болохоос өвлийн улиралд яг амьтад шиг ичдэг ажээ. Хүний бие өвлийн улиралд дасан зохицож өвлийг өнгөрөөж байх зуур нарны гэрлийн эрч хүч нэмэгдэн, өдөр урт болж, шөнө богиносох үед “ичээндээ” орсон бие сэргэх ажиллагаандаа ордог байна. Харин энэ үед сэтгэл сэргээдэг гормон, нарны гэрлийн нөлөөгөөр идэвхждэг аж. Өвлийн цагт өдөр богино шөнө урт болохоор хүний биед мелатонин гэдэг дайврын хэмжээ ихсэж, өнөөх сэтгэл хөөрөлд хүргэдэг серотониний хэмжээ багасдаг ажээ. Тиймээс зарим хүн үүнийг хаврын синдром гэж нэрлэдэг бол зарим нь хайрын улирал гэж оношлодог аж.

Амин дэмийг хэтрүүлвэл хортой

Ядаргааг давах арга олон бий. Салхинд гарах, дасгал, сургуулилт хийх, зөв хооллох, амьдралын зөв хэмнэл баримтлах гээд. Ингэж хэлэхийн учир нь дархлаа сайжруулж, ядаргаанаас гарах түгээмэл арга болох амин дэм хэрэглэх гэсэн ойлголт бидний дунд байдагтай холбоотой. Амин дэм хэрэглэх нь сайн талтай ч хэмжээг нь хэтрүүлвэл хор хөнөөлтэй гэнэ. Тухайлбал, хүн өдөрт нэг эсвэл хоёр миллаграмм В6-г уух ёстой аж. Хэрэв тунг хэтрүүлбэл мэдрэлийн булчингийн хяналт алдагдахад хүрдэг. Мөн Е амин дэмийг болгоомжтой хэрэглээрэй. Хүний биед өдөрт 100-300 миллограм Е байхад болдог байна. Тунгийн хэмжээ ихэдвэл амархан сульдах, цус бүлэгнэх, эмэгтэйчүүд хөхний хавдраар өвчлөх магадлал өндөр байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*