Пакистанд 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Пакистаны зүүн бүсийн нутагт 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Байгалийн энэ аюулт үзэгдлийн үеэр 20 орчим хүн амиа алдаад байгааг орон нутгийн удирдлагууд мэдээллээ. Пакистаны захиргаанд байдаг Кашмирын бүс газар хөдлөлтөд хамгийн ихээр өртжээ. Газар хөдлөлтийн голомт Мирпур гэх хотын ойролцоо байсан байна. 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 19 амиа алдаад байгаагаас гадна 300 гаруй хүн  бэртэж, гэмтээд байна. Байгалийн энэ аюулт үзэгдлийн үеэр амь насаараа хохирсон иргэдийн дунд бага насны хүүхэд ч байгаа юм. Цахим мэдээллийн хуудсанд тавигдсан зураг зам талбай хагарч эвдэрсэн, мөн барилгууд нурсан байгааг харуулж байгаа юм. Гамшигт өртөөд байгаа бүс рүү агаарын болон эмнэлгийн тусламж хүргэх багийг илгээгээд байгааг Пакистаны армиас мэдээлжээ. Энэ газар хөдлөлтийн чичиргээ Пакистаны нийслэлээс гадна Энэтхэгийн Шинэ Дели хотод хүртэл мэдрэгдсэн байна. Кашмирийн энэ бүсд 2005 онд мөн л хүчтэй газар хөдлөлт болж, олон мянган хүн амь насаа алдаж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*