Газар хөдлөлтийн үеэр бетон хана хүүхдийн аминд хүрсэн тул бүх сургуулийн аюулгүй байдлыг шалгахаар болжээ

Даваа гарагт Японы Осака хотод 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноор таван хүн амиа алдаж 400 гаруй хүн гэмтсэн юм. Пүрэв гарагт 1100 гаруй хүнийг хоргодох байрнаас нүүлгэн шилжүүлжээ.

Газар хөдлөлтийн үеэр есөн настай охин Рина Мияакэ сургуулийнхаа усан сангийн хажууд бетон хананд даруулж амиа алдсан юм. Охины дурсгалд зориулан Такацүки хотын иргэд, түүний гэр бүл сургуулийн өмнө баглаа цэцэг тавьж, уй гашуугаа илэрхийлжээ.

Орон нутгийн цагдаа нар усан сангийн эргэн тойрон дох бетон ханыг хуулийн стандарт, зөвшөөрлийн дагуу барьсан эсэхийг шалгасан байна. Түүнчлэн засгийн газрын нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга боловсролын яамыг улс даяар бүх сургуулийн бетон хананы аюулгүй байдлыг шалгах үүрэг өгчээ.

Такацүки хотын Осака мужийн бага сургуулийн захирал Ёшима Танака сургуулийн үйл ажиллагааг нээхдээ “Би чин сэтгэлээсээ харамсаж байна. Цаг хугацааг ухрааж чаддаг ч болоосой. Би түүнийг мартаж чадахгүй. Тэр жаргалтай хүүхэд байсан” гэжээ.

Такацүкигийн хотын дарга Такэши Хамада ч сургуулийн өмнө цэцэг байрлуулж, хүндэтгэл үзүүлсэн билээ.

Ерөнхий сайд Шинзо Абэ Осакад ирж, нурсан хананы нөхцөл байдалтай танилцан, бусад газар хөдлөлтөд өртсөн хэсгүүдээр явжээ. Абэ “Улс даяар яаралтай шалгалт явуулж бүх сургуулийн аюулгүй байдлыг баталгаажуулах хэрэгтэй. Бид ийм төрлийн хэрэг дахин гарахаас сэргийлэх ёстой” гэсэн байна.

Орон нутгийн удирдлагууд цэцэрлэг, бага дунд ахлах сургуулийн 417 барилгад гэмтэл гарсан талаарх тайланг хүлээн авсан гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*